Ерөнхий сайд Г.Занданшатар: Хил, гаалийн авлигыг таслан зогсооно
Гэрэл зураг © Монгол улсын Засгийн газар

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хил, гаалийн авлигыг таслан зогсооно


   Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллах үеэрээ, хил, гаалийн байгууллага дахь авлигыг таслан зогсоохын тулд ажилтнуудыг нь тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтлахаа мэдэгдлээ. Мөн Замын-Үүдийн Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөх үүргийг ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаранд өгсөн байна. Замын-Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентген хэсэг дээр таван хүн ээлжилж ажиллаж буй нь хангалтгүй тул дор хаяж 15-20 хүн бэлтгэж, сэлгэн ажиллуулах шаардлагатайг тэрбээр онцолсон байна.

   Монгол улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь дамжин өнгөрдөг Замын-Үүд боомтод авто замын цогцолбор ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал нь гурав дахин нэмэгджээ. Цогцолбор ашиглалтад орохоос өмнө өдөрт 6000-8000 зорчигч нэвтэрдэг байсан бол өдгөө 8-12 мянган зорчигч зорчиж байгаа аж. Мөн Засгийн газрын цахим шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн цахим гарцтай болсон бөгөөд ингэснээр өдөрт 450 орчим хүн цахим гарцаар нэвтэрч, тэр хэрээр нэг шалгагчид ногдох ачаалал буурчээ. Цахимд 100 хувь шилжиж чадаагүй буюу хүний хамаарлыг бүрэн арилгаж чадаагүй нөхцөлд хяналт, шалгалтыг тогтмолжуулж, эрсдлийг хааж ажиллана хэмээн ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн байна. Суурьшил нэмэгдэж, І барилгажилт эрчимтэй өрнөснөөр Замын-Үүдийг худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгаа ерөнхий сайд анхааралдаа авч буйгаа илэрхийлжээ. Улмаар зургаадугаар сарын нэгний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусах хугацаатай үүргийг сумын удирдлагуудад өглөө. "Замын-Үүд суманд асар их боломж бий. Гэвч замбараагүй, эмх цэгцгүй байдлаас болж боломжоо ашиглаж чадахгүй байна. Цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, үүднээсээ эмх цэгцийг бий болгож, хөгжлийг түргэтгэнэ" хэмээн Г.Занданшатар хэлсэн байна.

   Замын-Үүд сумын 25 мянган иргэний 5000-8000 нь түр оршин суугч юм. Тус сум төсвөөс татаас авдаггүй, харин орлого төвлөрүүлдэг бөгөөд өнгөрсөн онд аймгийн төсөвт 18.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.